Өнөөдөр Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас татгалзаж, ардчилал, зах зээлийн эдийн засаг, эдийн засгийн эрх чөлөөг эрхэмлэсэн нийгэм рүү буцалтгүй шилжиж эхлээд 15 жил боллоо. Энэ хугацаанд Монгол Улсын эдийн засгийг нээлттэй болгох, хувийн секторыг хөгжүүлэх, төрийн оролцоог багасгах, зах зээлийн эдийн засагт тулгуурласан төрийн эдийн засгийн зохицуулалтыг бий болгох олон чухал алхам хийгдсэн.
Үүний улмаас Монгол Улсын ихэнх салбарт эдийн засгийн үйл ажиллагаа социализмын үеийн төрийн хэт зохицуулалтаас чөлөөтэй болж, 2005 онд АНУ-ын Херитэдж сангаас гаргадаг дэлхийн 155 орны эдийн засгийн эрх чөлөөний жагсаалтанд 50-р байранд орсон байна. Монгол Улсын эдийн засгийн эрх чөлөөний индексийг нэр хүнд бүхий судалгааны энэ байгууллага тооцож хэвлэсэн нь чухал бөгөөд гагцхүү Монголын талын өөрсдийн хийсэн тооцоо байхгүй нөхцөлд уг индекс хэр үндэслэлтэй тооцогдсон тухай асуудал үүсч болох юм.
Индексийн гол зорилго нь судлагдаж буй салбарт эдийн засгийн эрх чөлөөг тоон үзүүлэлтээр гаргахад оршдог ба индексийн утга өндөр байх тусмаа тус салбар илүү чөлөөтэй байна гэж үзнэ.
Нээлттэй Нийгэм Форум нь Дэлхийн Эдийн Засгийн Форумаас эрхлэн гаргадаг Дэлхий Дахины Өрсөлдөх Чадварын тайланд Монгол Улс анх удаа орохоор болсон тул энэ удаад эдийн засгийн эрх чөлөөний хоёрдугаар бүлэг болох хуулийн бүтэц ба өмчлөх эрхийн хамгаалалтын индексийг тооцоогүй. Учир нь уг бүлгийн индексийн гол утга энэхүү тайлангаас харагддаг болно.