COVID-19 цар тахал нь дэлхий дахинд болон Монголын эдийн засаг, эрүүл мэндийн хувьд ноцтой хохирол учруулж байна. Цар тахлын нөлөөллийг ерөнхийд нь ойлгож байгаа ч Монголын эдийн засгийн гол салбар болох уул уурхайн салбарт хэрхэн нөлөөлж байгаа нь одоохондоо тодорхой бус байна. Энэ судалгаа нь мэдлэгийн энэ орон зайг нөхөх зорилгоор хоёрдогч мэдээлэлд шинжилгээ хийж, уул уурхайн компаниудаас ярилцлагын аргаар мэдээлэл цуглуулж, ойрын хугацааны эдийн засгийн төлөвийг рекурсив динамик CGE загвар ашиглан загварчилсан.Судалгааны үр дүнд COVID-19 цар тахлын үед Монголын уул уурхайн салбарын уналт нь нийт эдийн засаг өсөлт саарах гол шалтгаан болсон нь тогтоогдсон. Уул уурхайн салбар нь БНХАУ-ын эрэлтийн хэлбэлзэл, үнийн шок, COVID-19-тэй холбоотой засгийн газрын хязгаарлалт зэрэг гадаад, дотоод олон сөрөг хүчин зүйлд өртсөн. Судалгаанд оролцсон ихэнх уул уурхайн компаниуд борлуулалт, үйлдвэрлэл буурсан тухай мэдээлсэн бөгөөд цар тахалтай холбоотой хязгаарлалтаас үүдэн хөдөлмөр, үйлдвэрлэл, тээвэрлэлтийн олон асуудал тулгарсан байна. Гэхдээ олборлож буй ашигт малтмалын төрлөөс хамааран ялгаа байсан ч ихэнх компаниуд ирээдүйн сэргэлтэд өөдрөг хандлагатай байна.
Судалгаагаар COVID-19-ийн дараах эдийн засгийн сэргэлт нь уул уурхайн салбарын сэргэлттэй нягт холбоотой болох нь тодорхой байгаа тул бид CGE загвар ашиглан уул уурхайн салбарын сэргэлтийн 3 хувилбарыг загварчилсан. Загварчлалын үр дүнгээр, цар тахлын нөхцөл байдал үргэлжилсээр байвал эдийн засагт сөргөөр нөлөөлөх бөгөөд Монголын эдийн засагт уул уурхайн бус салбаруудыг төрөлжүүлэх шаардлага улам чухллаар тавигдаж байна. Засгийн газар COVID-19-тэй холбоотой арга хэмжээ хэрэгжүүлэхдээ уул уурхайн салбарт үзүүлэх үр дагаврыг давхар харгалзан үзэх шаардлагатай байна.
mn
en