Монголын эдийн засагт инфляцийг онилсон мөнгөний бодлогын дүрмийг хэрэгжүүлж байгаа боловч энэ хүрээнд ханшийн зохистой үүргийг тодорхойлох асуудалтай тулгарч байна. Энэхүү өгүүлэл нь байгалийн нөөцийн салбараар өргөтгөсөн жижиг нээлттэй эдийн засгийн DSGE загвар ашиглан мөнгөний бодлогын оновчтой тэргүүлэх чиглэлийг санал болгох зорилготой. Загварын параметрүүдийг судлагдсан байдлын тойм, бусад судалгааны эмпирик үр дүн, улс орны онцлог үзүүлэлтүүдэд тулгуурлан тохируулсан.
Бид эдийн засагт үзүүлэх нөлөөг шинжлэх зорилгоор дараах 4 төрлийн бодлогын дүрмээр загварчилсан:
- Ханшийг үл харгалзан инфляцийг онилох бодлого
- Нээлттэй эдийн засаг дахь инфляцийг онилох
- Ханшийн хязгаартай инфляцийг онилох
- Ханшид суурилсан инфляцийг онилох
Энэхүү загвар нь эрэлт, нийлүүлэлт болон мөнгөний бодлогын шокууд эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг судлах боломж олгосон. Манай үр дүнгээс харахад эрэлт болон мөнгөний бодлогын шокууд нь инфляци, үйлдвэрлэлийн хэлбэлзлийг бага байлгасан ч гадаад өрийн хэлбэлзлийг ихэсгэсэн. Харин нийлүүлэлтийн шок нь ханшийн хязгаартай IT болон ханшид суурилсан IT дүрмүүдийн үед инфляци, хүү, гадаад өрийн маш өндөр хэлбэлзлийг үүсгэсэн.
Иймд Монголбанк нь мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ инфляциас гадна ханшийн хэлбэлзлийг тодорхой түвшинд харгалзан үзэхийг бид зөвлөж байна.
mn
en