Олон улсын практикт 1970-аад оноос хойш тохиолдсон бизнесийн мөчлөгийн том, жижиг уналтуудын ихэнх нь орон сууцны зах зээлийн уналтаас шалтгаалж байжээ. Хамгийн сүүлд буюу 2009 оны дэлхийн улс орнуудын эдийн засгийг хамарсан санхүүгийн хямрал ч мөн энэ шалтгаанаар үүсэж, олон жилийн түүхтэй, том санхүүгийн институцүүд дампуурсныг бид бэлхнээ харсан билээ. Иймд үл хөдлөх хөрөнгийн үнийн өөрчлөлтийг цаг алдалгүй, үнэн зөв хэмжих асуудалд улс орнуудын бодлого боловсруулагчид, санхүүгийн бизнес эрхлэгчид онцгой ач холбогдол өгөх болжээ. Энэхүү судалгаагаар орон сууцны үнийн индекс тооцох онол, аргазүйн асуудлыг дэлгэрэнгүй авч үзнэ. Эхлээд орон сууцны үнийн индекс тооцох хэрэгцээ, ач холбогдлыг хэлэлцэх бөгөөд дараа нь орон сууцны үнийн индекс тооцох түгээмэл хандлагуудыг тоймлоно. Эдгээр аргаас өргөн хэрэглэгддэг хоёр арга болох бүлэглэх ба хедоник регрессийн аргуудын онцлог, тооцоололд тулгарах бэрхшээл, түүнийг шийдвэрлэх боломжийн талаар дэлгэрэнгүй судална. Эцэст нь орон сууцны үнийн индекс тооцох бүлэглэх болон хедоник регрессийн аргуудыг хийсвэр жишээн дээр симуляц хийж, тайлбарлана.
Доорх линк дээр дарж судалгаатай дэлгэрэнгүй танилцана уу:
mn
en