Энэ судалгаа нь олборлох үйл ажиллагаанд нийгмийн зөвшөөрөл авах удирдамж, суурь баримт бичиг бэлтгэх, тогтвортой уул уурхайн хөгжлийг дэмжих нийгмийн зөвшөөрлийн үнэлгээний аргачлал боловсруулах зорилготой. Удирдамжийг эхлээд өргөн хүрээний судлагдсан байдлын тойм, олон улсын жишээ, ялангуяа Австралийн туршлагад үндэслэн боловсруулсан. Уг удирдамжид тулгуурлан жишиг асуумж боловсруулж, тухайн асуумжаар орон нутаг дахь нэгэн уурхайн олборлолтын нийгмийн зөвшөөрлийг үнэлсэн. Энэхүү туршилт судалгааны үр дүн болон судалгаа явуулахад тулгарсан сорилтуудад үндэслэн удирдамжаа сайжруулсан.
Туршилт судалгааны үр дүнгээс харахад компанийн ажилтнуудтай харилцах давтамж, үйл явцын шударга байдал, нийгмийн дэд бүтцэд үзүүлэх нөлөөллийн талаарх ойлголт нь орон нутгийн иргэдийн хүлээн зөвшөөрөл, дэмжлэгт нөлөөлдөг бөгөөд энэ нь компанид итгэх итгэлийг нэмэгдүүлж эсвэл бууруулдаг байна. Тухайн компанид болон уул уурхайн төсөлд итгэх итгэл нь хүлээн зөвшөөрөх, дэмжих байдалд хүчтэй нөлөөлдөг болох нь батлагдсан. Эдгээр үр дүн нь Moffat, Zhang (2014) болон бусад олон улсын судалгаануудтай төстэй байна.
mn
en