COVID-19 цар тахлын бодлогын арга хэмжээний жижиг бизнесүүдэд үзүүлсэн нөлөө: Монгол ба Зүүн Тимор улсын харьцуулсан үнэлгээ

Зохиогч: З.Манлайбаатар, А.Долгион

Хэвлэн нийтэлсэн: LIT Verlag Münster

Хэл: Англи

Түлхүүр үгс: Ковид-19, бичил, жижиг дунд үйлдвэр, бодлогын арга хэмжээ, Монгол улс, Бүгд Найрамдах Ардчилсан Зүүн Тимор Улс

Огноо: 2025-01-01

Энэ бүлэгт Монгол Улс болон Зүүн Тимор улсад COVID-19 цар тахлын үед Засгийн газраас хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнүүдийн үр нөлөөг, ялангуяа бичил, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд (БЖДҮ) үзүүлсэн нөлөөг харьцуулан шинжилсэн. Ашигт малтмалын нөөцөөс хамааралтай, гадаад шокод өртөмтгий, эдийн засгийн төрөлжилт сул, хувийн хэвшлийн хөгжил харьцангуй сул зэрэг нийтлэг эмзэг шинжүүдтэй учраас эдгээр хоёр залуу ардчилсан улсыг сонгон харьцууллаа. Монгол Улс ихэнх хот, аймгийг нэгэн зэрэг хамруулсан хатуу хязгаарлалтын арга хэмжээг харьцангуй урт хугацаанд хэрэгжүүлсэн. Харин Зүүн Тимор улс хатуу хязгаарлалтын арга хэмжээг харьцангуй хожуу, богино хугацаанд хэрэгжүүлж, цөөн тооны бүс нутгийг хамруулсан байна.
Хоёр улс хоёулаа хувийн хэвшил, тэр дундаа БЖДҮ-ийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт, мөнгөн шилжүүлэг, зээлийн хөтөлбөр зэрэг багтсан эдийн засгийн дэмжлэгийн цогц багцыг хэрэгжүүлсэн. Гэсэн хэдий ч цар тахлын үеийн эдийн засгийн дэмжлэгийн багцууд БЖДҮ-ийн үйл ажиллагаа, санхүүгийн байдал, ажиллах хүчид хэрхэн нөлөөлснийг харьцуулан үнэлэхэд эдгээр бодлого нь эдийн засгийн дарамтыг бууруулах зорилготой байсан боловч бодит байдал дээр оновчгүй зорилтот бүлэгт чиглэсэн, хэрэгжилтийн ил тод байдал хангалтгүй, мөн багцын хүртээмж болон зохион байгуулалт хязгаарлагдмал байснаас төдийлөн үр дүнтэй байгаагүйг харуулж байна.
Судалгаанд нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилго болон нийгэм-эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах бодлогын хоорондын зөрчлийг онцолсон. Нотолгоонд суурилсан, үе шаттай, зорилтот арга хэмжээ хэрэгжүүлсэн Зүүн Тимор улсын бодлого нь Монгол Улсын илүү хатуу, өргөн хүрээтэй хязгаарлалтын арга хэмжээнээс илүү үр дүнтэй байсан гэж үзэж байна. Мөн хувийн хэвшлийн хөгжил сул залуу ардчилсан улс орнууд цар тахлын үед илүү их хүндрэлтэй тулгардаг болохыг энэхүү бүлэг харуулж байна.

Доорх линк дээр дарж судалгаатай дэлгэрэнгүй танилцана уу:

https://metadata.lit-verlag.de/downloads/80424-2/9783643804242.pdf#page=170 

Хуваалцах: Share Twitt