Монгол Улсын эрчим хүчний салбар нь Зөвлөлтийн үеэс улбаатай хуучирсан дэд бүтэц болон суурилагдсан хүчин чадлаас давсан өсөн нэмэгдэж буй эрчим хүчний эрэлт зэрэг олон бэрхшээлтэй тулгарч байна. Энэ нөхцөл байдлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар эрчим хүчний салбарын шинэчлэлийг эхлүүлж, цахилгаан эрчим хүчний тарифыг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж буй. Гэсэн хэдий ч эдгээр өөрчлөлтүүд инфляц болон өрхийн амьжиргааны зардалд хэрхэн нөлөөлөх талаар хийсэн судалгаа хомс байна. Энэхүү судалгаагаар Өрхийн Нийгэм, Эдийн Засгийн Судалгаа болон Орц-Гарцын Хүснэгтийн мэдээлэлд тулгуурласан зан үйлд суурилсан микросимуляцийн загварыг ашиглан эрчим хүчний татаасыг бууруулах бодлогын инфляц болон өрхийн амьжиргааны зардалд үзүүлэх ялгаатай нөлөөг үнэлж, дээрх судалгааны орон зайг нөхөхийг зорилоо. Судалгааны үр дүнгээс харахад одоогийн цахилгаан эрчим хүчний татаас нь харьцангуй өндөр орлоготой өрхүүдэд илүү ашигтай байна. Татаасыг бүрэн зогсоох тохиолдолд хамгийн ядуу 10 хувийн өрхүүдийн зардалд 3.4%-ийн нэмэлт ачаалал үүсэх бол хамгийн чинээлэг 10 хувийн өрхүүдэд 1.8%-ийн ачаалал ногдохоор байна. Дунджаар өрхийн хэрэглээний нийт зардал 2.7%-аар өсөхөөр тооцоологдлоо.
Эрчим хүчний татаасыг бүрэн зогсоох нь ядуурлын түвшин болон орлогын тэгш бус байдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй. Сонирхолтой нь өрхийн цахилгаан эрчим хүчний үнийг бага зэрэг нэмэгдүүлж, үнийн өсөлтийн тодорхой хэсгийг аж үйлдвэрийн салбарт шилжүүлэх, мөн халаалт болон шахмал түлшний татаасыг хэвээр хадгалах бодлого нь өрхийн зардалд үзүүлэх дарамтыг ойролцоо түвшинд хадгалахаар байна. Хэдийгээр энэхүү бодлого нь бага орлоготой өрхүүдийн санхүүгийн дарамтыг тодорхой хэмжээнд бууруулж байгаа боловч эрчим хүчний татаасны шууд үр шимийг хүртдэггүй хөдөө орон нутгийн хүн ам, ялангуяа малчдын амьжиргаанд нийт инфляцыг нэмэгдүүлэх замаар сөргөөр нөлөөлөх боломжтой. Иймд эдгээр сөрөг нөлөөг бууруулахын тулд эмзэг бүлгийн хүн амд чиглэсэн зорилтот дэмжлэгийн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхийг санал болгож байна.
Нийтлэгдсэн судалгааны өгүүллийг https://doi.org/10.1016/j.enpol.2026.115105 -с үзнэ үү.
Хэвлэгдэхээс өмнөх хувилбарыг бүрэн эхээр https://ssrn.com/abstract=5709032 -с үзнэ үү.
mn
en