Байгалийн баялагтай хөгжиж буй орнуудад гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО)-ийн урсгалыг тодорхойлогч гол хүчин зүйл нь хөрөнгө оруулалтын орчин, ашигт малтмалын нөөц байдаг. Ашигт малтмалын нөөц нь үл өөрчлөгдөх хүчин зүйл учраас улс орнууд хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах замаар гадаадын хөрөнгө оруулагчдыг татахыг зорьдог.
Энэхүү судалгааны зорилго нь Монголтой төстэй улс орнуудыг сонгон, хөрөнгө оруулалтын орчны шинжилгээ хийж, улс орнуудын сайн туршлагад суурилсан зөвлөмж боловсруулах юм. Судалгаанд Казакстан, Перу, Замби улсыг харьцуулалт хийхээр сонгосон. Энэ гурван улс хэд хэдэн шинжээрээ Монголтой нэлээд төстэй. Нэгдүгээрт, бүгд дунд орлоготой орнууд. Хоёрдугаарт, эдийн засгийн хувьд уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбараас хүчтэй хамаардаг. Гуравдугаарт, уул уурхайн салбар сүүлийн 20-30 жилд эрчимтэй хөгжиж байгаа. Казакстан, Перу улсууд Бизнес эрхлэлтийн индекс, Авлигын төсөөллийн индекс, Хөрөнгө оруулалт татах индекс зэрэг олон улсын байгууллагуудаас гаргадаг үзүүлэлтээр харьцангуй сайн үнэлэгддэг. Иймээс эдгээр улс тулгарч буй саад бэрхшээлээ хэрхэн даван туулж байгаа нь Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чухал жишээ сургамж болно гэж үзэж байна.
mn
en